VISAM institute || - Старт-ап буюу Гарааны бизнесийн тухай
Баасан, 11 3-р сар 2016 00:00

Старт-ап буюу Гарааны бизнесийн тухай

Тэмдэглэл: Энэ эссэ нь Силикон Хөндийн технологийн ертөнцийн алдарт үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Paul Graham-н 2009 оны 9-р сард нийтлэсэн блогийн орчуулга болно. Миний стартап компаниудад зөвлөдөг хамгийн чухал зарчим бол энэ: Олон хүнд ядмагхан таалагдах юм хийснээс, цөөхөн хүнд дэндүү таалагдах юм хийсэн нь дээр байдаг. Үүнийг би Gmail-г бүтээсэн Paul Buchheit-с сурсан юм. Саяхан нэгэн сурвалжлагч надаас хэрвээ чи стартап-уудад 10 зөвлөгөө өгөх байсан бол юу юу байх байсан бэ гэж асуусан юм. Paul-н зарчим лав шууд нэг нь байсан.

Тэгээд үлдсэн 9 нь ямар зөвлөгөөнүүд байх бол гэж бодож байна уу? Ямартай ч чухал зөвлөгөөнүүдээ жагсааж бичсэний дараа ийм 13 зүйлс болж хувирлаа.

  1. Сайн хамтрагч сонго

Стартап-уудын хувьд “хамтрагч” гэдэг бол үл хөдлөхийнхний хувьд “байрлал” гэдэгтэй адилхан чухал зүйл. Чи байшинг хүссэнээрээ өөрчлөн засч болохч, байрлалыг нь хэзээч өөрчилж чадахгүй. Стартап-д чи санаагаа амархан өөрчилчихөж чадах хэдийч, хамтрагчаа солино гэдэг маш хэцүү юм. (1) Цаашилбал стартап-н амжилт үүсгэн байгуулагчдынх нь ямар байхаас шууд хамааралтай байдаг.

  1. Хурдан ил гар

Хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээ хурдхан ил гаргах шаардлагатай байдаг нь зах зээлээ амархан эзлэхдээ биш, гол нь чи бүтээгдэхүүнээ дэлгэн зарлахаас нааш үүнийгээ хөгжүүлэх ажлийг огтхон ч эхлээгүй байдагаас тэр юм. Хийж байгаа юмаа гарган тавих нь чамд хүмүүс яг ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хүсч, байгаа ажил чинь яаж цааш сайжирч болохыг зааж өгдөг юм. Тэрийг мэдэж авах хүртэл чи зүгээр л цагаа дэмий үрж байна гэсэн үг юм. Тиймээс чи юу ч хийсэн байлаа гэсэн түүнийгээ эртхэн ил гаргаснаараа ирээдүйн үнэнч хэрэглэгчдийг танин мэдэх суурийг тавьдаг.

  1. Санаагаа сайжруул

Энэ нь хурдан ил гар гэдэг зөвлөгөөний үргэлжлэл юм. Стартап бизнест ганч том сайхан санаа бүхнийг шийдэх юм шигээр ойлгох нь маш том алдаа болдог. Миний бусад эссэнүүддээ бичсэнээр ихэнхи сайн санаа туршиж үзэж, сайжруулах замаар төрдөг.

  1. Хэрэглэгчдээ ойлго

Чиний стартап-аараа бий болгож болох бялагийн хэмжээ хоёр хэмжигдэхүүн дээр тогтдог; хэрэглэгчдийн чинь тоо, чиний хэрэглэгчдийнхээ амьдралд авч ирж чадах эерэг өөрчлөлт. Энэ хоёр хэмжигдэхүүний хоёр дахи нь чамаас хамгийн их хамааралтай. Тэгээд ч хэрвээ чи эхнийхийг нь томруулъя гэвэл, эхлээд хоёр дахи дээр нь маш сайн ажиллах хэрэгтэй болдог. Шинжлэх ухаанд байдагтай адилхнаар хамгийн хэцүү зүйл бол асуултанд хариулах биш харин зөв зүйлээ асуух болж байгаа юм, Өөрөөр хэлбэл стартапын хэцүү хэсэг бол хэрэглэгчдэд яг юу хэрэгтэй байгааг олж мэдэх юм. Чи хэрэглэгчдийг илүү сайн ойлгодог байх тусам, тэдэнд дутагдаж байгаа зүйлийг нь олж харах боломжтой болно гэсэн үг юм. Тийм учраас маш олон амжилттай стартап-ууд өөрөө өөрсддөө хэрэгтэй зүйлээ бүтээсэн байдаг.

  1. Олон хэрэглэгчдийг ядмагхан татсанаас цөөхөний хайрыг тат

Төгс ертөнцөд байсан бол чи маш олон тооны, компанид чинь үнэн голоосоо хайртай хэрэглэгчидтэй байхаар байгаа юм. Гэхдээ чи гэнэтхэн тийм ажилтанд хүрчихгүй шүү дээ. Эхний үед чи ирээдүйтэй том зах зээл дээр анхны цөөхөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд бүрэн нийцсэн юм хийх үү, эсвэл бүх хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тал нийцсэн юм хийх үү гэдгээ сонгох хэрэгтэй болно. Эхнийхийг нь сонго. Хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх нь тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээс хавьгүй амар байдаг. Үүнтэй холбоотой чамайг ороож болох хамгийн том асуудал бол магадгүй чиний өөрийгөө хуурах явдал байх. Хэрвээ чи хэрэглэгчдэд 85%-н сэтгэл ханамжтай бүтээгдэхүүн гаргачихлаа гэж бодож байгаа бол энэ үзүүлэлт санаснаас чинь доогуур, 70%, эсвэл бүр 10% биш гэдгийг чи яаж баттай мэдэх үү? Үүний хажууд хэдэн хэрэглэгч татаад байгаагаа хэмжихэд илүү барьцтай, үнэн тоо гарна шүү дээ.

  1. Хэрэглэчдийгээ гайхтал нь сайн харилцаатай бай

Хэрэглэгчид муу үйлчилгээ, муу харилцаанд дасчихсан байдаг. Зах зээл бүрт хуваагаад эзэлчихсэн монопол компаниуд байдаг. Тэд бүгд хэрэглэчидтэйгээ маш муу харьцаатай байдаг. Чи хүртэл өөрөө ийм байдалтай өөрийн мэдэлгүй эвлэрчихсэн, үүнээс сайн байж болно гэдгийг төсөөлөхгүй байгаа. Хэрэглэгчидтэй харьцах харьцаагаа зүгээр ч нэг сайн биш, бүр гайхмаар сайн байлгаад үзээрэй. Сайн хичээгээд, тэднийг баярлуулаад үз. Хэрэглэгчид чинь бүр алмайрах болно, хараарай. Дөнгөж бизнес эхэлж байх үед цааш өргөн хэмжээнд барьж дийлэхээргүйгээ мэдэж байсан ч гэсэн маш өндөр түвшинд хичээнгүйлэн хэрэглэгчидтэйгээ харьцдаг байх нь онодог. Учир нь чи ингэснээрээ тэдний тухай илүү ихийг мэдэж авдаг.

  1. Хэмжиж чадах зүйл дээрээ төвлөр

Үүнийг би Жоу Краусаас (2) сурсан юм. Юмыг хэмжиж чадсанаараа түүнийгээ сайжруулах суурийг тавьдаг. Хэрвээ чи хэрэглэгчдийнхээ тоог өсгөмөөр байгаа бол ханан дээрээ том цас гаргаж наагаад өдөр болгон тэр тоогоо тэмдэглэж эхлэ. Чи энэ тоогоо өсөхөд нь баярлах, буурахад нь сэтгэлээр унах болно. Тун удалгүй чи яавал энэ тоо өсдөгийг мэдэж авна. Тэгээд яг тэр өсгөөд байгаа зүйл дээр анхаарч ажилладаг болох юм. Эцэст нь, юуг хэмжих вэ гэдэгээ сайн бодоорой.

  1. Маш бага зардалтай бай

Стартап-г хямдхан явуулах нь ямар чухал болохыг би онцлоод онцлоод барахгүй нь. Ихэнхи стартап-ууд хүмүүст таашаагдах зүйл бүтээхээсээ өмнө унацгаадаг. Үүний хамгийн түгээмэл шалтгаан бол мөнгөгүй болох байдаг. Тиймээс хямгач байж удаан тэсэх нь их мөнгө эргэлүүлж хурдан сайжрахаас бараг илүү дээр байдаг. Үүгээр ингээд зогсчихгүй. Хямдханаар ажиллаж чаддаг соёл нь компанийг яг л дасгал хүнийг залуу байлгадаг шиг эрүүл байлгадаг.

  1. Бэлэн гоймонгийн мөнгөө ол

Стартап-ууд амьдарч, ажиллах зардлаа дөнгөж нөхсөн орлого олохыг "Бэлэн гоймонгийм мөнгөө олох" гэж нэрлэдэг. Ийм хэмжээнд хүрч авах нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хурдан сайжруулах санхүүгийн боломжтой болохдоо биш чиний инвесторуудтай харьцах харьцааг эрс өөрчилж өгдөгөөрөө илүү чухал нь байдаг. Ингэснээр чамд хөрөнгө оруулалт босгоход илүү давуу талтай болдог. Бас сэтгэл зүйд чинь их тустай байдаг.

  1. Битгий сатаар

Стартап-уудад сатаарах бол хамгийн хортой зүйл. Чамайг сатааруулдаг хамгийн хортой зүйлс бол өдрийн ажил, зөвлөгөө өгөх бизнес, ашигтай цагийн прожект гэх мэт мөнгө олдог ажлууд байдаг. Стартапаар чи гэнэт ашиг олохгүй ч гэсэн алсдаа илүү ашигтай байж болдог. Чи яг одоогоор орлого авч ирж байгаа зүйлд цагаа зарцуулснаараа спартап-аасаа сатаарч байгаа юм. Үүн дээр маргах хүн гарч болох ч гэсэн хөрөнгө босгох явц өөрөө маш том сатаарал болдог. Тиймээс хөрөнгө оруулалтаа аль болох түгэлж цааш гол ажилдаа хурдан төвлөрөх хэрэгтэй.

  1. Битгий мох

Хэдийгээр стартап-уудын уналтын шууд шалтгаа нь мөнгөгүй болох байдаг боловч үнэндээ цаад шалтгаан нь ихэнхдээ фокус-аа алдах байдаг. Компаниуд нэг бол тэнэг хүнээр удирдуулж (зөвлөгөө аваад засарч болно), эсвэл ухаантай удирдагч нь сэтгэлээр мохож унадаг. Стартап хийнэ гэдэг бол маш том сэтгэл зүйн ачаалал байдаг. Тиймээс үүнийг урьдчилан тооцож, анхнаасаа ухаалаг тактиктайгаар хичээж, хэцүү үед өөрийгөө сэтгэлээр унахаас сэргийлэх хэрэгтэй юм. Энэ нь яг л хүнд хайрцаг өргөхөөр тонгойхтой болгоомжтой байх хэрэгтэйтэй адилхан ойлголт юм.

  1. Битгий бууж өг

Чи яаж ч сэтгэлээр уналаа гэсэн бүү бууж өг. Чи зүгээр л бууж өгөхгүй байснаараа санаанд оромгүйгээр хол явах болно. Бүх салбарт тийм биш л дээ. Жишээ нь хичнээн хичээгээд ч сайн математикч болж чадаагүй хүмүүс зөндөө байгаа. Харин стартап-ууд бол өөр хэрэг. Цэвэр зүтгэл, чармайлт чамайг ихэнхи тохиолдолд амжилтанд хүрэхэд хангалттай тулгуур болдог. Чи санаагаа л сайжруулаад явах хэрэгтэй.

  1. Бүтэлгүйтэх үе байдаг

Viaweb гэдэг компаниа байгуулахад миний сурсан хамгийн хэрэгтэй зүйл бол нэг юманд хэтэрхий найдахгүй байх байв. Бид бараг л 20 гаруй янз бүрийн гэрээ хэлэлцээрийг алдсан байх. Эхний 10 дээр алдсанаасаа хойш бид гэрээнүүдийг компаний арын фононд явж байдаг жирийн үйл явц гэж хүлээж авдаг болсон юм. Гэрээ бүтэхээс бүх зүйл хамаардаг хэлбэрийн ажиллагаатай болох нь компаний сэтгэл зүйд маш аюултай юм. Гэрээнүүд ихэнхдээ бүтэлгүй болдогдоо ч биш, харин ийм хамааралтай болсноороо гэрээнүүд чинь өөрөө бүтэлгүй болж эхэлдэг юм.

Спартапыг би ийм 13 зөвлөгөөнд багтааж байна. Харин эднээс ганцханыг нь сонго гэсэн бол би ийм сонголт хийнэ. Хэрэглэгчдийгээ ойлго. Энэ бол түлхүүр үг. Стартап-уудын хийдэг гол ажил бол баялаг бүтээх юм. Тэр баялагийн чамаас хамгийн их шалтгаалах хэсэг нь чиний хэрэглэгчдийнхээ амьдралд бий болгож байгаа баялаг юм. Үүнийг хийхийн хамгийн хэцүү хэсэг нь чи хэрэглэгчиддээ яг юу бүтээж өгөх вэ гэдгээ мэдэж авах юм. Чи юу хийхээ мэдээд авсан цагт цэвэр уйгагүй зүгтгэл л чамайг амжилтанд хүргэх болно. Сайн хакерууд яг ийм замаар явдаг.

Хэрэглэгчдээ ойлгож авах гэдэг нь энэ жагсаалтын тал зөвлөгөөнүүдтэй хүйн холбоотой зарчим юм. Энэ нь л шалтгаанаар чи эрт ил гарч хэрэглэгчидтэйгээ харьцаж эхлэх хэрэгтэй байдаг. Мөн санаагаа сайжруулна гэдэг нь хэрэглэчдээ илүү ойлгоно гэсэн үг. Хэрэглэчдийгээ илүү сайн ойлгох нь анхдагч цөөн хэрэглэгчдийгээ маш өндөр сэтгэл ханамжтай байлгахад тусладаг. Хэрэглэгчдтэйгээ гайхмаар сайн харьцаатай байх нь чамд тэдний хэрэгцээг ойлгоход тус болдог. Хэрэглэчидтэйгээ ойр байх нь чиний сэтгэл зүйд үргэлж сайнаар нөлөөлдөг. Учир нь эргэн тойронд чинь бүх юм унаж байхад чамайг маш сайн дэмждэг арван хэрэглэгч байхад л тэднээс ирэх урам, дэмээр чи урагшилсаар байж болдог.                            Эх сурвалж блог: Бат-Эрдэнэ ИДЭР-ОД

 

Бэгзжав Амгаланбаяр

VISAM институтыг үүсгэн байгуулагчдын нэг. Боловсрол, мэдээлэл технологийн салбарт 20-иод жил ажиллаж, байгаа бөгөөд DATABASE сургалтын төвийн багш, www.taniinom.mn вэб сайтын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн. Тус вэб сайтын нийтлэгч, институтын зөвлөх багш.